СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

Мэдээллийг Үзсэн Тоо : 716024

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?
И-мэйл

 

 

ИЙМ УЧРААС Л АРДЧИЛАЛ ҮР ДҮНГҮЙ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ?

 Хэрэгтэй удирдагчдаа сонгож чадахгүй байгаа нь хүмүүс өөрсдөө дэндүү харанхуй байгаа хэрэг гэдгийг судалгаанууд харуулжээ

 

Леон Уотсон, “The Daily Mail” Их Британи

 

Баруунд хийсэн судалгаануудын энэ үр дүнгүүд Адольф Гитлер, Петр Порошенко мэтийн харгис дарангуйлагчдын чихэнд сайхан хөгжим шиг сонсогдох байсан биз ээ. Гэвч судалгаагаар батлагдсан бодит байдлыг мэдэж авах нь жирийн хүмүүс бидний хувьд эвгүйхэн санагдаж болох юм.

 

Эрдэмтэд одоогийн энэ өрнөдийн ардчиллын онол нь маш муу үр дагаваруудад хүргэж байгаа нэг ноцтой гажигтай байна гэдгийг тогтоожээ : хамгийн сайн нэр дэвшигчдийг сонгож засгийн эрхэнд гаргаж ирж чадахгүй байгаагийн учир нь өнөөгийн Барууны хүн амын дийлэнх нь өөрсдөө дэндүү харанхуй мунхаг болчихоод байгаа ажээ.

 

Өнөөгийн энэ өрнөдийн ардчиллын онолоор бол ардчилсан сонгууль нь тухайн улсын иргэдийн олонхи хамгийн сайн нэр дэвшигчийг, эсвэл хамгийн сайн улстөрийн үзэл санааг сонгодог, ардчилсан гэх сонгуулийн үед ийм сонголт хийх боломжтой! гэдэг нэг урьдчилсан онол-төсөөлөл дээр үндэслэж байдаг билээ.

 

Гэвч сүүлийн үеийн улам олон судалгаанууд ардчилсан сонгуулийн үр дүнд зөвхөн хамгийн тааруухан удирдагчид болон дундаж улстөрчид л гарч ирж байна гэдгийг баталж байгаа.

 

Корнелийн Их сургуулийн нийгмийн сэтгэлзүйч, профессор Дэвид Даннингийн удирдсан нэг судалгаа нь олон юмны цаад учрыг сайн ойлгоогүй жирийн цөлх хүмүүс өөрсдөө ийм доогуур мэдлэг чадвар, дотоод мөн чанартай байгаа учраас тэд нэр дэвшигч хүмүүсийн мэдлэг чадварын тухай шүүн тунгааж бодож тэр хүмүүсийн дэвшүүлж байгаа тэр үзэл санаануудыг хир ирээдүйтэй, сайн сайхан гэдгийг нь үнэлж дүгнэж чаддаггүй, жирийн хүмүүсийн олонхид ийм мэдлэг боловсрол байхгүй гэдгийг харуулж байгаа ажээ.

 

Жишээлбэл, хэрэв тухайн сонгогч эдийн засаг, татварын тухай мэдлэг сул, тэр тусмаа татварын өөрчлөлт шинэчлэлийн мэргэжилтэн биш бол үнэн хэрэг дээрээ энэ асуудлаар өндөр мэргэжсэн мэргэжлийн шинжээчид - нэр дэвшигчдийн дэвшүүлж байгаа тэр саналыг нь бодитоор ойлгож үнэлж дүгнэхэд маш хэцүү, бараг боломжгүй байдаг. Шаардлагатай дүгнэлтүүдийг хийхэд тухайн тэр сонгогчийн зүгээр л мэдлэг боловсрол, оюун ухааны чадавхи нь хүрэлцэхгүй байгаа нь бодит байдал юм.

 

Энэ бүхний үр дүнд ардчилсан сонгуульд нэр дэвшигч байгаа хүмүүсийн талаарх ямар ч хэмжээний мэдээлэл эсвэл баримт нотолгоонууд нь, тэдний дэвшүүлж байгаа үзэл санаа мөрийн хөтөлбөр нь ихэнх сонгогчдын цаанаасаа ийм чадваргүй байдлыг нь гэтлэн давж тэднээр зөв сонголт хийлгэж чаддаггүй байна.

 

Профессор Даннинг “Маш ухаалаг үзэл санаануудыг ойлгоход хүмүүст үнэхээр хэцүү төвөгтэй байдаг. Учир нь ихэнх хүмүүс энэ үзэл санааг хир зэрэг сайн сайхан юм бэ гэдгийг нь олж харж ойлгож ухаарахад хангалттай өөрийн мэдлэг, ажил амьдралын туршлагагүй байдаг” гэж ярьж байна.

 

Ардчилсан сонгууль нь жирийн хүмүүст сонголт өгдөг гэдэг хэдий ч (энэ бол цэвэр хоосон тунхаглал бөгөөд манипулэйшн-залилан мэхлэлт юм) хамгийн сайн нэр дэвшигчийг сонгох ёстой хамгийн гол зорилгыг бол хангаж чаддаггүй гэдгийг энэ судалгаанууд харуулсан байна.

 

Даннинг мөн Корнелийн Их сургуульд өмнө нь ажиллаж байсан, одоо Нью-Йоркын Их сургуулийн профессор Джастин Крюгер нар жирийн хүмүүс тэдний өөрсдийнх нь оюун ухааны мэдлэг чадавхиудыг үнэлэх болоход тэд өөрөө өөрсдийгөө хуурч мэхэлдэг гэдгийг судалгаануудаараа батлан харуулсан байна.

 

Хошин шогийн мэдрэмж, мэдлэг боловсрол эсвэл шатар сайн тоглодог эсэх ер нь чухам юуг туршиж шалгаж байгаагаас үл хамаарч хүмүүс өөрөө өөрсдийн чадваруудыг дандаа “миний мэдлэг ойлголт бол дундаас дээш” гэж үнэлдэг гэдгийг энэ судлаачид илрүүлсэн байна. Энэ туршилтуудын үед өгсөн байсан даалгавруудыг бусдаасаа муу биелүүлж байсан хүмүүс хүртэл өөрсдийгөө ингэж үнэлэж байжээ!

 

“Бид өөрөө өөрсдийнхөө талаар төдийгүй бусад хүмүүсийн тухай шүүн дүгнэхдээ ч мөн л бодитоор хандаж чаддаггүй. Бусад нэр дэвшигч хүмүүсийн мэдлэг чадварын тухай үнэлэлт хийхэд шаардлагатай таны мэдлэг чадвар хичнээн дутуу муу байгаа нь таны өөрийн чинь мэдлэг чадварын түвшин зэргийг тодорхойлж байгаа хэрэг юм” гэж профессор Даннинг үзэж байна.

 

Үүний шалтгаан их энгийн байдаг ажээ. “Хэрэв таны тухайн салбарын талаарх мэдлэгүүд чинь дутуу дулимаг муу байгаа бол та өөрийнхөө энэ дутуу байдлыг төдийгүй мөн бусад хүмүүсийн алдаануудыг ч олж харж бодитоор үнэн зөв үнэлж дүгнэж чадахгүй юм” гэж тэрээр баталж байна.

Мөн дээрхи туршилтуудад оролцсон хүмүүс даалгавруудыг хэн хамгийн муу биелүүлсэн бэ гэсэн үнэлэлт дүгнэлт хийхдээ бүх тохиолдолд хялбархаан тэгээд бас яг онож үнэлж санал нэгдэж байсан бол харин хамгийн сайн биелүүлсэн хүмүүсийг болохоор нэрлэж чадахгүй байсан нь үнэхээр гайхалтай!

 

Үнэн хэрэг дээрээ ийм харанхуй хүмүүс хамгийн муу нэр дэвшигчдийн мөн ийм үзэл санаануудын хувьд шүүгчид нь байж чаддаг боловч хүмүүс бид бүгдээрээ хувийн туршлага мэдлэг байхгүйгээсээ болоод хамгийн сайн нэр дэвшигчдийг мөн ийм санаануудыг олж харж ойлгож дүгнэх тал дээр бол таг сохор байдаг гэж дүгнэжээ.

 

Немцийн нийгэмзүйч Мато Нагель сүүлийн үед профессор Даннинг болон профессор Крюгер нарын энэ онолуудыг ардчилсан сонгуулийг загварчилсан компьютерын математик загварын тусламжтайгаар шалгаж байгаа ажээ.

 

Тэрээр өөрийн энэ математик загварт нэр дэвшигчдийн лидерийн тэр шинж чадварууд нь Гаусын (хонхны хэлбэрийн) муруйгаар хуваарилагдсан өөрөөр хэлбэл тэдний зарим нь үнэхээр сайн удирдагчид, зарим нь маш муу удирдагчид, гэвч ихэнх нь дундаж маш тааруухан лидерүүд байдаг гэсэн нэг урьдчилсан төсөөллийг математик аргаар суулгаж өгсөн байна.

 

Ингэхэд аливаа сонгогч өөрт нь байгаа тэр лидер чадвараас ЯЛЬГҮЙ дээгүүр (!) лидерийн шинж чадвартай тэр нэр дэвшигчийг л зөвөөр үнэлж дүгнэж сонголтоо зөв хийж чадаж байсан байна. Харин өөрөөс нь хамаагүй илүү дээгүүр лидер чадвартай тэр хүмүүсийн дэвшүүлж байгаа үзэл санааг нь зөв ойлгож ухаарч бодитоор үнэлж дүгнэхэд ердөө л түүний өөрийнх нь мэдлэг боловсрол, оюуны чадавхи нь хүрэлцдэггүй байна.

 

Ингэж математик загварчилалд оруулсан ардчилсан сонгуулиудаар лидерийн шинж чадварууд нь нийт сонгогчдын лидерийн чадварын дундажаас яльгүй өндөр лидер шинж чадвартай тийм нэр дэвшигчид л хэзээд ялалт байгуулж байсан байна. Яг үүнийг манай өвөг дээдэс "жаран чавганц уралдахад нэг чавганц нь түрүүлдэг" гэж сургаж ирсэн билээ. Энэ нь уралдаж байгаа, уралдуулж тэр уралдааныг дүгнэж байгаа талууд бүгд "чавганцууд" гэсэн үг юм.

 

Судалгааныхаа явцад доктор Нагель өрнөдийн ардчиллын үед маш ховорхон удаа эсвэл бүүр ХЭЗЭЭ Ч хамгийн сайн нэр дэвшигчид сонгогдож чаддаггүй, ийм боломжгүй, яг үнэндээ бол ийм боломжийг хаахын тулд ардчилсан сонгууль гэгчийг бодож олж улс нийгэмд хүчээр тулгасан байгаа гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна.

 

Хэрэв дарангуйлагчид эсвэл засаглалын бусад ийм хэлбэрүүдтэй харьцуулах юм бол ардчилсан сонгуулийн давуу тал нь ердөө л нийт сонгогчдын маш доогуур дундажаас илүү доогуур мэдлэг чадвартай тийм нэр дэвшигч сонгогдож засгийн эрхэнд гарах явдлыг л үр дүнтэй урьдчилан хааж байдагт оршдог байна.

 

  Жич: Энэ нийтлэлийн оригинал "The Daily Mail" сонинд хэвлэгдсэн болно.

 

 

  1. Хэрэв ардчиллын тухай хүн төрөлхтний түүхийг сөхөн үзвэл эртний ардчилсан бүгд найрамдах (демократ засаглалтай) улсуудад зөвхөн цэргийн үүрэг хүлээсэн эрчүүд, татвар төлөх чадвартай хүмүүс л төр засгаа сонгох сонгуулийн эрхтэй байсан байна. Тэд нийгмийн харьцангуй цөөнх нь байсан гэдэг. Тэд хэрэв сонголт хийхдээ алдаа гаргасан бол өөрсдийн мөнгө хөрөнгөөр төдийгүй ийм алдаанаас үүдсэн дайн тулаанд цусаараа үнийг нь төлдөг байсан нь сонголтынх нь жинхэнэ хариуцлага байсан жээ.
  2. Бөөн хүмүүс – харанхуй олонхийн оюуны нийлбэр чадавх нь энэ олонхийг бүрдүүлж байгаа хүн нэг бүрийн дундаж оюуны боломж чадвараас доогуур байдаг гэдгийг олон судалгаагаар нэгэнт баталсан байдаг. Харин тэгвэл яг энэ гайхалтай сонин гажиг байдал нь өнөөгийн “ардчилсан” улс орнуудын төр улсын үндсийг бүрдүүлж байгаа юм. Энэхүү хачин жигтэй байдал нь манай парламентын засаглалын ажиллагаа, шийдвэр гаргаж байгаа зарчим, хожим хүлээж байгаа “хариуцлага” тал дээр яг ингэж ажиглагддаг.
  3. Ер нь тусгаар тогтсон төр улсын хамгийн чухал шийдэрүүдийг аль болох энэ талын мэдлэгтэй хамгийн шилдэг хүмүүсийн хүрээнд эсвэл тэдэнтэй зөвлөлдсний үндсэн дээр нэг хүн хариуцлагаа үүрч гаргадаг байх нь чухал байдаг бол түүхэн үнэт туршлага юм. Харин тэр албан тушаалтны эсвэл тэр хүмүүсийн шийдвэр нь улс үндэстний эрх ашгийг дээдэлсэн мөн хариуцлагатай байгаа эсэхэд нийгэм олон нийт үр дүнтэй хяналт тавьж байх ёстой. Одоогийн манай түвшинд төр засгаа зөв бүрдүүлэх нэг оновчтой гарц бол төрийн удирдлагад технократууд давамгайлсан мөн тодорхой хязгаарлалтуудтай ардчиллын зарчим, хэм хэмжээнүүдийг оновчтой зохицуулсан нэг хувилбар байх боломжтой.
  4. Ер нь тухайн чиглэлээрээ өндөр мэргэжиж тухайн орон нутагтаа, улс нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүний сонгуулийн санал нь дундаж нэг иргэний эсвэл бүүр төр нийгмийн өмнө тулгараад байгаа асуудлуудаас хол хөндий нэг хүний саналтай тэнцүү эрхтэй байдаг нь өнөөгийн энэ ардчиллын агуу том дотоод зөрчил юм.
  5. Одоо улс нийгэм, олон нийтийн санаа бодлыг далдаас залж удирддаг (ялангуяа хэвлэл "мэдээлэл" + "боловсролоор" дамжуулан хийж байгаа) арга технологиудыг хавтгай хүчтэй хэрэглэж байгаа өнөө үед ардчиллын шууд хэлбэрээс татгалзах нь өөртөө их эрсдэлийг дагуулах боломж байгааг заавал тооцож анхаарах ёстой нь мэдээж юм. Энэ бол тусдаа том сэдэв биз ээ.
  6. Өнөөдрийн энэ ардчилал гэж бидэнд ойлгуулж бидний олонх ч итгэчихээд явж байгаа энэ засгийн эрх мэдлийг хууран завших хэлбэрийг жинхэнэ ардчилал (демократи) биш харин ч харанхуй олонхийн засаглал (охлократи) гэж нэрлэдэг. Үүнийг зайлшгүй олж харж ойлгож ухамсарлах нь жинхэнэ ардчилал, эрх чөлөө рүү хийх нэг алхам юм.
  7. Төв, орон нутгийн сонгуулийн янз бүрийн түвшинд хүмүүс нэр дэвших мөн сонгох эрхтэй байхын тулд янз бүрийн шалгаруулалт, хязгаарлалтууд байж болох юм. Жишээ нь, гэр бүлтэй хүн байх гэх мэт. Дашрамд дурьдахад, АНУ-д сонгуулийн хязгаарлалтуудыг XX зууны 20-оод онд л халсан түүхтэй. Барууны үлгэр жишээ ардчилалтай гэгддэг улс орнуудад 2-3 намууд өрсөлдөж ардчилсан сонгууль хийж байгаа мэт харагдавч үнэн хэрэг дээрээ бол баялагийн хуваарилалтын зарчим, дотоод болон гадаад бодлого чиг баримжаа нь огт өөрчлөгддөггүйг анзаарвал тэдний эрх баригчдын хувьд ардчилал нь үнэт зүйл биш харин хэрэгсэл зэвсэг болсон гэдэг нь ойлгомжтой болох юм. Харин тэгвэл юуны хэрэгсэл зэвсэг вэ гэдэг асуулт урган гарч ирж байна?!
  8. Өнөөгийн энэ өрнөдийн маягийн ардчиллын загвар, үр дагаврууд нь бол дан ганц Барууны орнуудад төдийгүй бусад улс орнуудад ч нийгмийг бүхэлд нь мэдлэг оюуны маш энгийн болхи доогуур түвшинтэй, зөвхөн материалаг хэрэглээнд дэндүү их ач холбогдол өгдөг, ёс суртахууны хувьд дэндүү доогуур болгон хувиргаж улс нийгмийг ялзрал задрал хүргэдэг гэдэг нь нэгэнт бодит байдал болсон нь ойлгомжтой байгаа билээ. Дээрхи нийтлэл ч үүнийг нэг талаар хүлээн зөвшөөрсний зөвхөн ганцхан жишээ л юм.
  9. Хэрэв орчин үеийн материалаг хэрэглээний юмсыг тооцохгүй юм бол дэлхийн ард түмнүүдийн уламжлалт үнэт зүйлс, ёс суртахууны хэм хэмжээ, зан заншил, угсаатны аж амьдралын хэвшил, ер нь нийгмийн хөгжил нь өнөөгийнхөөс чанарын өндөр түвшинд байсан нь бол харин бодит түүхэн баримт юм. Мэдээж хэрэг, ийм нийгмүүд нь одоогийн материалаг хэрэглээг баримжаалсан “хөгжлийн” талаас нь авч үзвэл “хоцрогдсон байсан" боловч одоогийн энэ манай соёл иргэншлээс хамаагүй урт удаан настай, тогтвортой бас илүү хүнлэг байсан нь бас л түүхэн баримт билээ.
  10. Одоо манайд ардчиллыг бол үнэнд ойр мэдээлэлгүй, мэдлэг боловсрол султай болгосон бас аж амьдралын завгүй дарамтан доор хийсэн жирийн хүмүүсийг худал амлалтууд, тархины угаалтаар залилан мэхлэж эх орных нь эрх ашиг - засгийн эрхийг нийгмийн нөөц баялагтай нь цөлмөн завшиж байгаагаа хаацайлах арга хэрэгсэл болгосон байгаа! Гаднаас экспортлогдсон “ардчиллын” энэ загварынхаа дотоод том зөрчлүүд, хүргээд байгаа ноцтой үр дагваруудыг нь үгүйсгэх, өөрөө хэлбэл өнөөдөр манай улс нийгэмд чухам юу болоод байгааг, биднийг хааш нь чирээд байгааг олж харахгүй байгаа мэт дүр эсгэж байгаа нь улс нийгэм, түмэн олныхоо амин чухал язгуур эрх ашгуудыг бус харин хувийнхаа өчүүхэн либерал эрх ашгаа, мөн бүлэглэлийнхээ эрх мэдэл мөнгөний эрх ашгийг зүтгүүлж байгаа бэртэгчин хоёр нүүр гаргагчдын араншин юм. Эсвэл тэдэнд зүгээр л зөв мэдээлэл, жинхэнэ мэдлэг боловсрол, аналитик оюуны чадавх нь хүрэлцэхгүй байгаа юм болов уу?...

 

Жич: Энэ бол бас олон нийтийг "аргалж" тэдний ойлголт төсөөллийг, өнөөгийн энэ "хэзээ нэгэн цагт хүрэх" ардчилал + "үл үзэгдэх гартай" + "чөлөөт" зах зээлийг ашиглаж улс үндэстнүүдийг цөлмөж байгаа тэр бүлэглэлүүдэд "хэрэгтэй" яг тийм байдлаар бүрдүүлж өгч байдаг "чөлөөт" гэгч хэвлэлүүдийн үндсэн арга хэрэгслүүд буюу манипулэйшны сонгодог нэг жишээ юм. Учир нь энэ бүхний бүх буруу нь энэхүү утопи системдээ байгаа бус(!), бас үүнийг бүүр анхнаасаа чухамдаа яг ийм байхаар бодож төлөвлөж хийсэндээ байгаа бус(!) харин ч энэ бүхний "сайн дурын" золиосууд болсоор байгаа жирийн хүмүүст өөрсдөд нь байгаа мэт ойлголт төсөөлөл төрүүлж байгаа биз ... Та яг одоо нэг чин үнэнийг олж харлаа!......

 

Эргэцүүлэн бодоцгооё, эвлэлдэн нэгдэцгээе, эрх орноо өөд нь татаж хөгжүүлцгээе.

 

 

 

Анхаар !!! Энэ хуудсан дээр зөвхөн энэ сэдвийн хүрээнд л хэлэлцэхийг санал болгож байна. Флууд, троллинг-уудыг устгах болно!

 

 

 

 

Энэ нийтлэлийг хуулан авч өөр сайт, сонинд тавих бол монгол хэл дээрх эх үүсвэрийг заавал заах, мөн тус сайт уруу шууд холбоос хийх ёстойг сануулъя.

 

 

 

 

"Аливаа ард түмэн яг л эмэгтэй хүн шиг. Хэрвээ тэр өөрийн гэсэн эрүүл ухаангүй байвал, бас тэгээд олиггүй этгээдүүдийн урхинд орж аальгүйтээд шалиглаад байгаа бол тэд түүнийг хүчиндэхийг хүсвэл хэзээ ч өршөөдөггүй!"

                                          

                                          Карл Маркс, "Франц дахь иргэний дайн" номоос...

 

 


( 15 Үнэлгээнүүд )
 
Ардчилсан сонгууль гэгч яг юу юм бэ?... - 4.6 out of 5, based on 15 votes

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!

Та дурын эсвэл өөрийн нэрээрээ энд сэтгэгдлээ үлдээж болно. Таны санаа бодол, төрсөн сэтгэгдэл бусад хүмүүст сонирхолтой, чухал байна гэдэгт итгэж байна. Та бусдыг хүндэтгэж харьцах, энэ нийтлэлтэй холбоотой зүйл бичих хэрэгтэй гэдгийг анхаарна уу.
Жич: Хэрэв Таны PC монгол үсгийн тохиргоо хийгээгүй бол кирил монгол үсгээр комментууд бичихийн тулд Setting -> Control Panel -> Regional and Language Optoin -> Languages -> Details... -> Add...-> Mongolian -> Apply -> OK гээд л дараа нь MN-хэлийг сонгоод монгол үсгээрээ бичих боломжтой. Ингэвэл улам олон хүмүүс үлдээсэн комментыг унших болно гэдгийг анхаарна уу.
АНХААР!Монгол (кирилл) үсгээр монгол хэл бичгийн дүрмээр зөв бичээгүй бүх комментуудыг 2012.05.25-наас нийтлэхгүй байхаар шийдсэн болно! Танд албан ёсны монгол кирилл үсгээрээ бичих чадвар байгаа гэдэгт бүрэн итгэж байна. Та энэ тухай "Интернэт соёлын хэм хэмжээ" нийтлэлээс үзнэ үү.

Илгээх код
Илгээх кодыг шинэчлэх (кодыг буруу оруулсан бол өмнөх тэмдэг дээр дарж гарч ирсэн шинэ кодыг доор хуулж бичээд илгээх товчин дээр дарна уу)